Tuesday, November 8, 2016
“Монос” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатартай нийслэлийн Биокомбинатын ойролцоох Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг дээрээ байх үед нь уулзаж, ярилцлаа.Энэ хэзээ байгуулагдсан, ямар учиртай ботаник цэцэрлэг вэ?1999 онд байгуулагдсан. 15 жил болж байна. Монгол оронд ургаж байгаа эмийн ургамлуудын амьд цуглуулга юм даа. Нийт 10 гаруй га газар мөн Дарханд 42 гаруй га байгаа.Эмийн ургамлыг тарималжуулахын ач холбогдол нь юу юм бэ?Монгол орон бол эмийн ургамлын нөөцөөр тийм баялаг орон биш. Маш олон төрлийн ургамал байдаг ч хөрс нь хуурайшилт ихтэй, мөн их таруу, сийрэг ургадаг. Зүгээр нэг маарамба хүн нэг хоёр хүний, тав арван хүний эмчилгээний хэрэглэх зорилгоор түүхэд бол боломжтой. Харин 1000 кг-аас их хэмжээгээр ашиглахад боломжгүй шахуу л даа . Учир нь байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад эмийн ургамлын чанар харилцан адилгүй байдаг. Монгол орны өргөн уудам нутгаас түүх нь байтугай нэг уулын ар, өвөр талд ургасан ургамлын чанар хүртэл өөр байдаг. Энэ нь уг ургамлыг олон тоогоор үйлдвэрлэгддэг эмэнд ашиглахад хүндрэл учруулдаг. Энэ мэтчилэн онцлогуудаас шалтгаалж, стандартын дагуу эмийн ургамлыг тарималжуулах зорилгоор энэ цэцэрлэгийг байгуулсан юм.Энэ цэцэрлэг байгуулагдаад 15 жил болж байна. Ер нь ховор эмийн ургамлыг тарималжуулах ажлыг Монгол улсад өөр ямар байгууллага хийдэг юм бэ? Мөн гадны улс орны жишиг ямар байдаг юм бол ?Ботаникийн хүрээлэнгийн ботаникийн цэцэрлэг Амгаланд бий. Эмийн цөөн төрлийн ургамал байдаг. Үүний зэрэгцээ хөдөө орон нутагт өөрсдөө санаачилга гаргаж, улсаас бага зэргийн санхүүжилт аваад ургамал тарималжуулж буй хүмүүс байдаг. Яг манай компани шиг их хэмжээний хөрөнгө гаргаад олон га газрыг хамарсан, ийм олон нэр төрлийн эмийн ургамлыг цуглуулж, тарималжуулж, зарим ургамлын агротехникийн үндэслэлийг боловсруулж байгаа газар бараг үгүй шахуу л даа. Гадаадад бол эмийн ургамлын болон ерөнхий ургамлын ботаник цэцэрлэг гэж хоёр янз байдаг . Би явсан газар бүртээ л орж сонирхож байдаг юм. АНУ-д гэхэд л Вашингтонд Конгрессийн ордны дэргэд шахам ботаник цэцэрлэг гэж бий. Тийшээ орох их дуртай. Мөн Солонгосын Чежү арал, Сингапурын Сентоза арал дээр, ОХУ-ын Санкт Петрбург, Эрхүү хотод, ХБНГУ-ын Хамбургын эмийн ургамлын цэцэрлэг гээд олон газар очиж сонирхож туршлага судалж байсан. Заримтай нь одоо холбоотой ажиллаж байна. Нийт хичнээн эмийн ургамлыг энд тарималжуулж байгаа вэ? Улаан номонд орсон ургамал хүртэл байдаг гэж сонссон?Бид нийтдээ 200 гаруй эмийн ургамал авчирч тарьсан. Говийн ургамал ч тарьж үзсэн, хангайн ургамал ч тарьж үзсэн.Ерөнхийдөө бид хөрстэй нь авчраад суулгадаг, заримыг нь үрийг нь суулгадаг. Цөөнгүй ургамал орчин нь зохихгүй нэг хоёр жил болоод үхдэг. Зарим нь ч тухайн орчиндоо зохицоод үрээ өгч, сайхан ургадаг. Энэ нь ч оюутан залууст дадлага хийхэд практик ач холбогдолтой л доо. МУИС-ийн багш, судлаачид ирж үзээд “Энэ үнэхээр сайхан цэцэрлэг юм байна” гэж сайшаахын зэрэгцээ Япончуудтай хамтран манай туршлагаар шинэ цэцэрлэг байгуулах гэж буй юм билээ. Япончууд ч бидний үзээгүй олон ховор ургамал байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эмийн ургамал судалж буй оюутнуудад болон Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдад ч ургамал судлалын хичээлийн дадлага хийх боломжийг манай цэцэрлэг олгож байгаа юм.Таны ярианд сая дурьдагдлаа л даа. Зарим ургамал тарималждаггүй гэж.Тэгэхээр нэг ургамлыг тарималжуулахын тулд хэр урт хугацаа шаардлагатай байдаг вэ?Ургамлаасаа их хамаарна. Говийн зарим ургамал бол тарималжуулахад гаршдаггүй байх нь элбэг. Ургамал судлалын салбарын зарим эрдэмтэд надад хэлдэг юм. Хүрэлбаатараа, мөхөж байгаа ургамлаар битгий оролдоо, нэгэнтээ зарим ургамал мөхөх нь гарцаагүй. Тийм ургамлаар чи хичнээн оролдоод ч нэмэр байхгүй гэдэг. Үнэхээр ч бид мөхөж зарим ургамалд нанотехнологийн арга, нано идэвхжүүлэгч хэрэглэж үздэг, заримдаа мутац хийх гэж үздэг. Тэгсэн ч үр дүн муутай байдаг. Гэтэл зарим нь их сайн тарималждаг. Жишээ нь бид нарын энэ тарьж байгаа Алтангагнуур байна. Бид үндсээр нь тарих туршилт хийсэн. 11 жил тариад бид өөрсдийнхөө тарималжуулах эх ургамлуудыг гаргаад авчихсан гэсэн үг. Хунчирыг бас гаргаж авсан. Хунчир гэхэд л 100 үр тарихад 1-2 нь л үндэслэж байх жишээтэй. Тэгээд ургаснаас нь дахиж үр тариад тэгээд тэндээсээ ургац авна. Өөрөөр хэлбэл одоо бид нарын тариалж байгаагаас 75-80 хувь нь ургах боломжтой болсон. Ингээд бид Алтангагнуур, Хунчир гэсэн хоёр ховордож буй ургамлыг тарималжуулж, 5-10 метр хавтгай дөрвөлжин метр газарт тарьсан байгаа. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний туршилт нь амжилттай болоод үйлдвэрлэлийн буюу газар тариалангийн туршилтанд орлоо гэсэн үг. Энэ маань ч амжилттай болж байгаа. Бид цаашдаа эмийн ургамлын сангийн аж ахуй байгуулаад хэдэн зуун хэдэн мянган га газарт ч тарималжуулах шинжлэх ухааны үндэслэл, технологийг бий болгож чадсан. Үүний зэрэгцээ бид нар Монголд ургадаггүй эмийн ургамлыг тарималжуулах чиглэлээр ажиллаж байна. Зоосонцэцэг гэж Төвдийн уламжлалт анагаах ухаанд их хэрэглэгддэг ургамлыг тарималжуулж чадсан. Маш сайхан том үндэс өгч байгаа. Үүний зэрэгцээ батраш, толбот силибум гэж хоёр ургамлыг бас тарималжуулсан байгаа. Одоо дэлгүүрт “Энхжин” , гааны навчин цай гэж байгаа. Энэ бол цэвэр бидний тарьсан ургамлаар хийсэн бүтээгдэхүүнүүд . Мөн манай “Гоолингоо” гээд брэнд болсон тураах цайнд батраш ордог.Манай улсын эдийн засгийн бүтцийн тэргүүлэх чиглэл нь үндсэндээ түүхий эд экспортлох явдал байгаа нь бол нууц биш. “Монос” групп ер нь эмийн ургамал экспортонд гаргадаг уу?Ер нь “Монос” –ыг үүсгэн байгуулснаас хойш надтай олон л гадаадын пүүсүүд уулзаж байсан. Эмийн ургамал экспортлооч ээ гэж. Тэр болгонд би харамч зан гаргадаг. Яагаад гэхээр өмнө нь дурьдсанчилан манай орон эмийн ургамлын нөөц маш багатай. Хоёрдугаарт Монгол хуурайшаад цөлжиж байгаа учраас ургамал цөөрч байгаа. Ер нь түүхий эдээ гаргаад хөгжсөн улс байдаггүй. Бид нар 70, 80 жил Орост түүхий эд гаргасан. Сүүлийн хорин жилд Хятад руу түүхий эдээ гаргасан . Үр дүн нь бид буурай ядуу орон хэвээрээ л байгаа. Тэр бүү хэл АНУ-ын мал, мах, үс ноос гээд түүхий эд нийлүүлдэг муж нь бусад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мужаасаа хөгжил муу байдаг. Товчхондоо бол Монгол улс өндөр технологи ашигласан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л хөгжинө. Иймээс нэг ч грамм эмийн ургамал гадаадад гаргаагүй, үүгээрээ бахархдаг. Харин гаргаж байгаа хүмүүстэй нилээн таарч байсан. Тэр болгондоо л та нар эх орноо бодоочээ гэж учирладаг юм. Намайг хүмүүс ургамлын анчин гэх нь бий. Тэгвэл би ангаа гадаадад гаргадаггүй, харамч анчин гэсэн үг. Харин эмийн ургамлаа нэгэнт Монгол хүний оюун сэтгэлгээ, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн болгосных нь дараа бол дэлхийн олон оронд худалдаалахын төлөө ажиллаж байна.Ботаникийн цэцэрлэг дээр мөн чацаргана тарьж байна. Монголчууд чацарганыг шүүс болгон шахаж, ундааны зориулалтаар их хэрэглэдэг болсон. “Монос”-ын цэцэрлэг дээр чацаргана тариалж буйг бодоход эм, эмчилгээнд бас ашигладаг юм болов уу гэсэн бодол төрлөө.Бид 50 орчим мянган чацарганы модтой.Үүнээс 6 мянган модноос нь хориод тонн ургац авч байгаа. Мөн жилээс жилд ургацийн хэмжээ нь нэмэгдэж байгаа. Дарханд тарьсан 40 гаруй мянган мод маань түрүүчээсээ үр жимсээ өгч эхэлж байгаа. Хэдхэн жилийн дараа 5,6 биш 50 мянган модноос 200, 300 тонн ургац авдаг болно. Чацарганы уламжлалт анагаах ухаанд их хэрэглэдэг. Давын өмнө бид бол хүмүүсийн хэрэглэж сурсан чацарганы ундаа үйлдвэрлэж байгаа. Өмнө нь ихэндээ найруулж уудаг ундаа түгээмэл байсан. Манай компаний хувьд шууд уух боломжтой ундаа хийсэн. Хүмүүс их дуртай байна. Үүнийхээ зэрэгцээ чацарганы тосыг ялгаж, авдаг. “Монос”-ын чацарганы тос бол Монголд төдийгүй гадаадад ч их эрэлттэй, худалдаанд гармагцаа л дуусчихдаг бүтээгдэхүүн болсон. Харамсалтай нь одоогоор илүү ихийг үйлдвэрлэхэд ургац маань хүрэлцэхгүй. Мөн сүүлийн үед чацарганы навчаар цай хийх гэж байна. Учир нь элэг хамгаалах, элэгний хатуурлыг эмчлэх бодис чацарганы навчинд байдаг. Одоогоор судалгааны ажил маань амжилттай үргэлжилж байна. Мөн чацарганы өрмөнд маш их хэмжээний флаваноид, витамин С байдаг. Үүгээр нь бид Витагриф гээд ханиадны эсрэг цай хийсэн. Өрмөөр нь хийдэг тул мөн л хэмжээний хувьд их үйлдвэрлэх боломжгүй.Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгийн ирээдүйг та яаж харж байгаа вэ?Энэ цэцэрлэгийг анх байгуулахад манай эмийн үйлдвэрт ерөнхий нябогоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Даш надад их тусалсан. Мөн Улаанбаатар гээд сайхан нэртэй агрономич манай анхны эмийн ургамлуудыг суулгах ажлыг удирдаж байлаа. Одоо Гантогтох агрономич уг цэцэрлэгийг удирдаж, Орхон, Баасанжав гэсэн агрономич залуучуудтай хамтран ажиллаж байгаа.Энэ хүмүүсийн зүтгэл эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгийн хөгжилд маш чухал нөлөөтэй гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Мөн жилийн жилд манай “Монос” дээд сургуулийн оюутнууд, “Монос” группын ажилчид зугаалах, танилцах, ургац хураах зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгтээ очдог. Цэцэрлэг маань зөвхөн эмийн ургамал тариалах бус усан оргилууртай, биеийн тамирын талбайтай амрах боломжийг бүрдүүлсэн газар байгаа.Ботаникийн хүрээлэнгийн нөөцийн тасгийн эрхлэгч Очирбат гээд эрдэмтэн бий. Тэр эрдэмтэн анх манай ботаник цэцэрлэгт очиж, үзчихээд дуу алдсан.Үнэхээр Монголд маань ийм сайхан цэцэрлэг бий болчихсон байна. Үүнийг би олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоонд элсүүлж өгье, туслая гэж амласан. Бид өргөдлөө өгчихсөн байгаа.Энд элсвэл бид өөрсдийнхөө тарималжуулсан ургамлын үрийг өгөх, гадаадаас үр өгөх, солилцох боломжтой болно. Манай цэцэрлэгийн онцлог бол Монгол орны ховордсон ургамлуудын генийн санг хадгалж байгаа гэсэн үг. Ингэхдээ үрийг нь төдий бус амьдаар нь хадгалж байгаагаараа өвөрмөц юм. Иймээс бид эмийн ургамлын нөөцийг хойч үедээ өвлүүлэн өгч байгаа хэрэг. Хойч үеийнхэн маань биднээс илүү олон шинжлэх ухааны судалгаа хийж, эмийн ургамлын ач тусын тухай илүү олон зүйлийг нээж, түмэн олондоо хэрэгтэй олон эм зохион бүтээх нь гарцаагүй бизээ.М.Гал
Subscribe to:
Posts (Atom)